Амжилтыг олон янзаар тодорхойлдог. Хүн бүх зүйлийг хийхийг хичээх бус, өөрийн онцгой чаддаг ганцхан зүйлдээ сэтгэлээ зориулан, түүнийхээ үр шимийг хүртэн, өөрийн үнэ цэнийг тодорхойлох нь хамгийн том амжилт бас аз жаргал юм.

Мастер группийн хөгжил дэвшлийн түүчээлэгч залуусын нэг, санхүүгийн чадварлаг мэргэжилтэн, багийн манлайлагч “Санхүү бүртгэлийн алба”-ны ахлах менежер Б.Халиунтай ярилцлаа.

Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач?
Намайг Батсайханы Халиун гэдэг. Би Мастер группийн санхүүгийн албанд ажиллаад 5 жил болж байна.

Ямар мэргэжилтэй вэ? ямар сургууль төгссөн бэ?
Би ахлах сургуулиа нийслэлийн 5-р сургуулийг төгсөөд, дараа нь ОХУ-ын Эрхүү хотын Шинжлэх ухааны үндэсний технологийн их сургуулийг Санхүү эдийн засагчаар төгссөн.

Эрхүү хотын талаар ярьж өгөөч, ямархуу хот вэ?
Эрхүү хот нь Оросын Сибирь талдаа байршилтай, Байгаль нууртай ойрхон учраас ногоон орчин, цэцэрлэгт хүрээлэн сайтай. Уламжлалт орос хэв маягтай байшин барилга болон хөшөө дурсгал ихтэй, гудамжнууд нь нэг ижил стандартын нэр хаягтай. Хамгийн гоё нь авто замын түгжрэлгүй, жолооч нар нь соёлтой, явган зорчигчдоо хүндэлдэг, хууль дүрмээ ягштал баримталдаг. Хүмүүс нь найрсаг, соёлтой, сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг, бас шаргуу ажилладаг, цаанаа л нэг тайван, нам гүм хот.

Анх Орост сурах гээд очиход бүх зүйл нь надад их таалагдсан, одоо ч гэсэн сэтгэл татагдаж, ойр ойрхон очмоор санагддаг.

rff3sh_2_x974

Олон орноос оюутнууд сурдаг гэсэн, аль орны оюутнууд хамгийн хөдөлмөрч санагдсан бэ?
Эрхүүгийн Шинжлэх ухааны үндэсний технологийн их сургууль нь улсдаа томоохонд ордог, олон улсын оюутны сургууль гэж хэлж болно. Манай ангид надаас гадна Узбекистан, Тажикстан, Казакстан болон Вьетнам, Тайвань, Солонгос, Япон оюутнууд байдаг байсан. Ер нь гадаадын оюутнууд нутгаа орхиод, гэр бүлээсээ хол суралцах гэж ирсэн байдаг учраас бүгд л хичээдэг. Онцолбол Вьетнам оюутнууд хамгийн хичээл зүтгэл өндөртэй, сахилга бат сайтай, хөдөлмөрч санагдсан.

Яагаад санхүүгийн мэргэжлээр суралцах болсон бэ?
Би багаасаа л тооны хичээлдээ дуртай байсан. Мэргэжлээ сонгохдоо ч эргэлзээгүй, шууд л санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй болно гэсэн зорилго тавиад түүндээ үнэнч байсан. Санхүүгийн мэргэжил нь олон чиглэлээр карьер хийх боломжтой өргөн цар хүрээтэй мэргэжил. Жишээлбэл санхүүгийн шинжээч, нягтлан бодогч, төсвийн шинжээч, санхүүгийн шалгагч буюу аудитор, удирдлагын шинжээч, санхүүгийн менежер, зээлийн ажилтан, хувийн санхүүгийн зөвлөх, хөрөнгө оруулалтын менежер, хөрөнгийн шинжээч, эрсдэлийн менежер, татварын зөвлөх, статистикч, эдийн засагч, актуар гэх мэт санхүүгийн чиглэлийн ажлын байрнууд байгууллагуудад их байдаг.

qsl7yp_3_x800

Чиний бодлоор санхүүгийн чиглэлээр карьер хийхэд юу хамгийн чухал вэ?
Миний анзаарснаар санхүүгийн чиглэлээр олон жил ажилласан хүмүүст байдаг нийтлэг шинж нь маш зарчимч байдаг. Энэ ажил нь өөрөө хүнийг маш их төлөвшүүлдэг, хувь хүнд санхүүгийн сахилга баттай байхыг сургадаг. Мэргэжлийн ёс зүйтэй, хувийн зохион байгуулалт сайтай байх хэрэгтэйгээс гадна өөрийн сонирхол болон давуу талыг мэдэрч мэргэжлээ сонгосон хүнд карьер ахих, амжилтад хүрэх бүрэн боломжтой гэж боддог.

Ажлын анхны гарааг хэрхэн эхэлсэн бэ?

Мастер бол миний анхны ажил. Би 2016 онд их сургуулиа төгсөж ирээд Мастер группийн салбар компани болох “Монголиан Мортгейж Фанд” ББСБ-д нягтлан бодогчоор ажилд орж байсан. Анх ажилд орохдоо “ажил хийнэ гэдэг бол маш хэцүү, амаргүй, над шиг ямар ч туршлагагүй хүн чадах бол уу?” гэсэн айдастай байсан. Гэтэл эсрэгээрээ хамт олон маань намайг хэзээний таньдаг хүн шиг, найз шиг хүлээн авч, зааж сургаж чиглүүлсэн болохоор анхнаасаа л ажилдаа дурласан.

Мастер Группийн хамгийн том давуу тал нь юу вэ?

Удирдлагын арга барил, үзэл хандлага гэж бодож байна. Хүмүүс компанийн соёл нь ерөнхий захиралтайгаа адилхан байдаг гэж ярьдаг шүү дээ. Би ч бас тэгж боддог. Манай захирал ямар ч тохиолдолд хүнийг хохироож болохгүй, өөрсдөө ч бас хохирч болохгүй, бизнесийн харилцаанд орж байгаа талууд win-win байх ёстой гэж байнга хэлдэг. Энэ нь ажлын байран дээр ч хэрэгждэг.

Хүн хийж байгаа ажилдаа болон авч байгаа цалин урамшуулал, сурч хөгжиж байгаа боломждоо сэтгэл хангалуун байх ёстой. Нөгөө талаар ажилтан өөрөө компанид бүтээмж өгч, хөгжил дэвшилд түүчээлэх ёстой.

wy2ipp_4_x974

Залуу хүний хувьд өөрийн ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?
Мэдээж би ажил мэргэжлээрээ карьер ахиж, улам их мэргэшиж, санхүүгийн мэргэжлийн зөвлөх болох хэмжээнд суралцах, хөгжих хүсэлтэй байгаа. Манай компанийн хамгийн гоё соёл нь ажилтнууддаа мэргэжлээрээ ахиж суралцах, салбарын хамгийн шилдэг гэсэн мэргэжилтнүүдээс зөвлөгөө, сургалт авах боломжоор хангадаг. Сургалт хөгжлийн хөтөлбөрийг бүр ажлын төлөвлөгөөнд оруулж өгдөг болохоор залуу хүмүүст боломж олгодог.

6vao8n_5_x974

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Амралтын өдрөөр гэр бүлээрээ кино үзэх, найз нөхдөөрөө ууланд алхах дуртай. Өдөр тутамдаа хүүдээ ихэнх чөлөөт цагаа зориулдаг. Мөн залуу хүн учраас суралцах, мэргэжлээ ахиулахад цаг гаргахыг хичээж байна.

Ярилцсанд баярлалаа.
Ажилд нь амжилт хүсье!