Гарт баригдаж, нүдэнд харагдах үнэ цэнэтэй өв хөрөнгө болсон олон сайхан барилга байгууламжийн бүтээн байгуулалтад гар бие оролцон яваа, Мастер Группийн бахархалт залуусын нэг болох залуухан барилгын инженер, ХАБЭА хариуцсан мэргэжилтэн С.Гэгээтэй ярилцлаа.

Өөрийгөө танилцуулаач?

Намайг Саранчимэгийн Гэгээ гэдэг. Мастер Группийн Барилгын удирдлагын албанд ХАБЭА-ийн инженерээр 2-дахь жилдээ ажиллаж байна.

DSC_7633-3

Яагаад барилгын инженер мэргэжлийг сонгосон бэ?

Би 10 жилийн сургуульд сурдаг байхдаа ирээдүйн мэргэжлээ сонгохдоо үргэлж хүний чухал хэрэгцээ байж чадах, гарт баригдаж нүдэнд харагдах үнэ цэнэтэй зүйл бүтээх тийм ажил мэргэжил сонгоно гэж боддог байлаа. Барилгын инженер бол миний хүсэж, судлаж, сонирхолдоо хөтлөгдөж сонгосон мэргэжил. Би 2012 онд Барилгын Технологийн коллежийг Иргэний ба үйлдвэрлэлийн Барилгын инженерээр төгссөн.

DSC_7470-1

Анхны ажлын гараа ямар байсан бэ?

Анхны ажил маань каркасан барилгын бүтээн байгуулалтын ажил байсан. Тухайн үед армартур тасдах, матах, боох, гагнуур хийх, помпны хоолой барьж гүйх зэрэг ажлууд хийгээд удирдлагадаа инженер хүн ийм юм хийдэггүй гээд зэмлүүлээд, хөглөж байсан үе зөндөө байгаа. Гэхдээ эргээд бодоход би энэ ажлуудыг хийж үзээгүй байж яаж ажилтнуудаа ойлгож, яаж ХАБЭА-ийн ажилтан болох байснаа мэдэхгүй юм.

Өдийг хүртэл барилгын талбайд өнгөрүүлсэн цаг минут бүр надад туршлага, сургалт, мэдлэг болсоор ирсэн.

Эмэгтэй хүн барилгын салбарт ажиллана гэдэг амаргүй байх, энэ талаар юу гэж боддог вэ?

Ер нь барилгын ажил эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүнд ч амаргүй. Гэхдээ хүн дуртай, сонирхолтой зүйлээ хийж байгаа цагт тийм ч хэцүү биш. Би барилгын салбараасаа огт хазайхгүйгээр барилгын инженерээр 3 жил, ХАБЭА-ийн инженерээр 4 жил ажиллаж байна. “UB Tower Plus” төсөл нь миний ажиллаж байгаа 4-дэхь төсөл.

DSC_7316-1

ХАБЭА-ийн инженерийн ажлын гол онцлог юу вэ?

Мэдээж би бусдад тавьдаг шаардлагатаа өөрөө бүрэн дүүрэн тэнцдэг, үлгэр жишээч, зарчимч, шаардлагаа зөв тавьдаг байх ёстой. Мөн барилгын талбайд ажиллаж байгаа хүн нэг бүрийн хийж ажлын онцлогийг мэддэг, барилгын явц болон ажил хоорондын уялдаа холбоог сайн мэддэг байх нь чухал. Өөрөөр хэлбэл ХАБЭА нь өөрөө барилгын инженер мэргэжилтэй байх нь маш том давуу тал болдог. Бас дээрээс нь сайн сэтгэл зүйч байх хэрэгтэй юм шиг санаддаг.

Яагаад сэтгэл зүйч гэж?

Эрсдэл гэдэг зүйл хүний сэтгэл зүйтэй их холбоотой. Хүн ажлаа хийж байхдаа сэтгэл санааны хувьд тогтвортой байснаараа хийж байгаа зүйлдээ илүү сайн төвлөрч аюулгүй байж чаддаг. Харин эсрэгээрээ бие нь ажлын байран дээрээ байгаа ч ухаан санаа нь өөр газарт байхад эрсдэл гарах магадлал маш өндөр. Тийм болохоор барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн хүртэл үүнийг мэддэг байх хэрэгтэй. Тэр хүнд ажлын цагаар гэнэтийн огцом сэтгэл хөдөлгөх мэдээ хүргэхгүй байх, хэрүүл маргаан хийхгүй байх нь чухал байдаг. Тийм болохоор би хувьдаа барилгын талбай дээр ажиллаж байгаа хүмүүсийнхээ сэтгэл зүйг мэдрэх, хэнийх нь ар гэрт асуудал гарав гэх мэтчилэн сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгаа эсэхийг ажиглахыг хичээдэг.

DSC_7588-1

Ажлаа хийж байхдаа юунаас урам зориг авдаг вэ?

Миний ажил аваар осол гарсаны дараа биш, урьдчилан сэргийлж чадаж байвал хамгийн том амжилт болохоор төслийн талбайд ажиллаж буй хүмүүсийн аюул, осолгүй ажилласан өдөр бүр надад урам зориг болдог. Мөн надад гэр бүлээс минь өөрцгүй болсон хамт олны маань халуун дулаан уур амьсгал, нэг нэгнээ дэмжсэн сэтгэл нь надад эрч хүч өгдөг болохоор ажлаа аз жаргалтайгаар дурлаж хийдэг.

15-copy

Мастер группэд ажилласан мэдлэг туршлагаа хуваалцаач?

ХАБЭА-ийн хууль, дүрэм журам, шаардлагыг төсөл дээр хэвшүүлнэ гэдэг нь хамгийн эхлээд удирдлагууд өөрсдөө үлгэрлэн мөрдөж, ач холбогдол өгсөнөөр хэрэгждэг зүйл. Манай компанийн хувьд удирдлага, ажилтан, гадны харилцагч гэлтгүй хүн бүр аюулгүй ажиллагааны дүрмийг баримтладаг учир энэ нь миний ажилд дэмжлэг болдог.

Би Мастерын төсөл дээр ажиллаад мэргэжлийн барилгын менежментийн баг ямар өндөр зохион байгуулалттай ажилладгийг, бусдад аюулгүй ажиллагааны шаардлага тавихдаа харилцааны хувьд яаж зөв тавих гэх мэт ямар ч багш заадаггүй зүйлсийг хамт олноосоо суралцсаар байгаа.

DSC_7538-1

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Ер нь барилгажилтын хугацаанд амралт, чөлөөт цаг багатай болохоор амралтын өдөр маш үнэтэй цаг хугацаа байдаг. Ийм үнэтэй зүйлийг өөрийнхөө хамгийн эрхэм хүмүүс болох хүүхдүүддээ зориулдаг. Хүүхэд нас хүний амьдралын хамгийн нандин үе учраас дурсамж дүүрэн, инээд хөөртэй, аз жаргалтай байх ёстой. Тэдэндээ ээж дандаа ажилтай, завгүй байдаг гэсэн дурсамж үлдээмээргүй байгаа учраас тэдэндээ бүх чөлөөт цагаа зарцуулдаг. Миний амралтын өдрийг хүүхдүүд маань АЗТАЙ ӨДӨР гэж нэрлэдэг.

DSC_73731-1

Ярилцсанд баярлалаа.
Амжилт хүсье!