Тун удахгүй “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байгаатай холбогдуулан хүүхэд залуус, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цуцашгүй тэмцэгч, залуусын оролцоог хөгжилд уриалагч, Мастер группийн Хуулийн зөвлөх Х.Баасанжаргалтай ярилцлаа.

Тэрээр нийтийн эрх ашгийг хамгаалсан хүмүүнлэгийн болон сайн дурын бодит үйлсээрээ Олон улсын Барын холбооны түүхэнд “Про Боно” шагналыг хүртсэн анхны Монгол эмэгтэй хуульч юм.
Хүчирхэг, манлайлагч эмэгтэйчүүд залуу охид бүсгүйчүүдэд урам зориг, итгэл найдвар, бахархлыг өгдөг онцгой нөлөөлөлтэй билээ.

Сайн байна уу, өөрийгөө танилцуулаач.

Намайг Хүрэлбаатрын Баасанжаргал гэдэг. Мастер группэд Хуулийн зөвлөхөөр ажиллаад хагас жил болж байна.

Өөрийн ажил мэргэжлийнхээ тухай сонирхуулбал?

Бага байхад аав маань жагсаал цуглаанд явахдаа намайг хамт авч явдаг байсан учраас бүр багаасаа хүний эрх, ардчилал, нийгмийн үнэт зүйлийн тухай суурь ойлголт, мэдрэмжийг олж авсан гэж боддог. Тухайн үед би ийм мэдрэмж авснаа мэдээгүй л дээ, хожим мэргэжлээ сонгохдоо эргэлзээгүй хууль эрх зүйг сонгосон. Энэ салбарт хуульч, өмгөөлөгчөөр ажиллаад 16 жил болж байна.
092eww_2_x800-1

Хуулийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залууст зөвлөгөө өгөөч.

Хамгийн эхлээд өөрийнхөө зан төлөвт сайн тохирох чиглэлийг сонгож мэргэших ёстой. Өмгөөлөгч хүн бол илүү хөндлөнгийн байр суурьтай байж чадвал үйлчлүүлэгчээ эрсдэлээс хамгаалж сайн өмгөөлөл хийдэг, хүнтэй тулж, асуудал бий болох үндсэн шалтгаан нөхцөлийг олдог хүн хоорондын харилцааны ажил. Шүүгчийн хувьд сэтгэл зүйгээ удирдаж чадаг, ядаж л нүүрэн дээр нь ямар шийдвэр гаргах гэж байгаа нь илрэхгүй, төвийг сахисан дүр төрхтэй байх ёстой. Прокурор нь хүний ялыг төлөвлөдөг, гэм буруутайг тогтоодог, ялын саналыг гаргадаг их хүнд ажил учир сэтгэлзүйн хувьд хатуужилтай байх ёстой. Прокурор хүн эрүүгийн хэрэг дээр ажилладаг учраас мөрдөн шалгах, сэжиглэн таамаглах ур чадвар хэрэгтэй. Жишээлбэл, хими физикийн наад захын юм мэддэг байх шаардлагатай. Мөн нарийн мэргэшихийн тулд хос мэргэжил эзэмшвэл их сайн.

Яагаад хос мэргэжил гэж?

Би 2008 оны хадгаламж зээлийн хоршооны дампуурлын хэргүүд дээр өмгөөллөөр ажилласны дараа санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэхээр шийдэж Санхүү эдийн засгийн сургуульд Нягтлан бодогчийн мэргэжлээр суралцсан. Ингэснээр компанийн хөрөнгө оруулалтын гэрээ хэлцлүүд, санхүүгийн эрсдэл, татварын хууль, эрх зүйн чиглэлээр илүү мэргэжин ажиллах боломжтой болсон. Тиймээс аль нэг салбар эрх зүйгээр мэргэшихийг хүсэж байгаа бол салбартаа нэмэлт мэргэжил эзэмшвэл давуу тал болдог.
l26zh8_3_x974

Таныг илүү их хурцалсан, сорилт болсон кейсүүд юу байсан бэ?

Мэдээж олон хүнд нөхцөлтэй хэрэг, маргаанд ажиллаж байсан. Миний үзэл бодолд нөлөөлсөн гэвэл, сургуулиа төгсөөд удаагүй байхдаа өөрийгөө хөгжүүлэх, илүү их мэргэших хүсэлдээ хөтлөгдөөд маш их туршлагатай, өмгөөлөл сайн хийдэг нэг настай ахыг сонгоод “таны шавь болъё, ямар ч цалин урамшуулалгүйгээр танд туслаад ажиллангаа суралцмаар байна” гээд хадаг сүүтэй очиход урдаас загнаад буцааж байсан. Тэр үед би өөртөө “заавал сайн өмгөөлөгч болно, тэгээд тэр ах шиг залууст хатуу ханддаггүй тэднийг дэмждэг, хөгжилд түүчээлдэг, сайн сайханд уриалдаг хүн болно” гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Ер нь залуу хүмүүст цагаа олсон дэмжлэг маш хэрэгтэй санагддаг. Залуу хүн юм чинь гээд хатуурхах, боломжтой хэрнээ сэтгэл гаргадаггүй байдалд үнэхээр дургүй.

Ажлаа хийхдээ авдаг хамгийн том урам зориг юу вэ?

Урьд нь би өмгөөллийн тухайн кейс дээрээ ялалт байгуулснаа амжилт гэж боддог байсан. Харин одоо энэ кейсээр дамжуулаад өөр бусад ижил төстэй нөхцөл байдалд байгаа хүмүүст нөлөөлж, тэдэнд тусалж чадаж байгаа эсэх дээр илүү анхаарах болсон. Одоо би ажлын цагийнхаа 20 орчим хувийг нийгмийн сайн дурын ажилд зориулж хэвшсэн. Өөрийн эрх ашгаа хамгаалж чадахгүй байгаа бүлэг болон залуусын оролцоог дэмжсэн ажлуудад түлхүү анхааран ажиллаж байна.
li4eqz_4_x974

Удахгүй Март-8 буюу эмэгтэйчүүдийн эрхийн хамгааллын өдөр болох гэж байна. Ажлын байран дээр эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахын тулд юу хийх хэрэгтэй гэж боддог вэ?

Эмэгтэйчүүдийн эрх нь хууль эрх зүйн асуудал биш энэ бол нийгмийн тэгш эрхийн асуудал. Ажлын байр, суралцаж байгаа сургууль, анги, үйлчилгээний газраас эхлээд нийгмийн бүх орчинд эмэгтэй, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, хөгшин настай, хүүхэд залуус гэлтгүй бүх хүнд ээлтэй, ижил тэгш боломж бүрдэх шаардлагатай. Хүн бүр хүний ялгаатай байдлыг ойлгож хүлээн зөвшөөрдөг үнэт зүйлтэй болох болов уу боддог.

Орчин үеийн ажлын байр ямар байгаасай гэж боддог вэ?

Хүнд ээлтэй, хүн төвтэй байгаасаа гэж хүсдэг. Хүн ажлын байран дээрээ орчин нөхцөлийн болон харилцаа хандлагын айдасгүй байх ёстой. Ажлын таатай орчин гэдэг нь дотоод тохижилт, ширээ сандал биш, илүү бие биеэ хүлээн зөвшөөрч, дэмждэг байгууллагын соёл гэж боддог.
coz9tp_5_x974

Мастер группийн хамгийн гол давуу талыг юу гэж боддог вэ?

Би олон байгууллагад хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, аутсорсингоор ажиллаж байсан. Монгол компаниуд дийлэнхдээ нэг хүний үзэл хандлага давамгайлсан, амласнаасаа буцдаг, зүйрлэж хэлбэл шилний цаанаас чихэр долоолгодог буруу соёл тогтсон байдаг. Мастер группэд анх ажилд орохдоо ч гэсэн эргэлзэж байтал төсөөлснөөс эсрэгээрээ байсан.

Мастер групп бол хүний ажил амьдралын тэнцвэрийн хадгалж боломжийг олгодог, залуусын хөгжлийг дэмждэг, хөдөлмөрийн сахилга батыг баримталдаг, хөдөлмөр хичээл зүтгэлийг шударгаар яаж үнэлэхээ мэддэг гэдгийг ойлгосон.

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

Мэдээж ээж хүн болохоор гэр бүлдээ цаг зарцуулах дуртай. Хүүхдийн хүмүүжил боловсролд дэм болох, хөгжүүлэх зүйлсэд өөрөө үлгэрлэхийг хичээдэг. Хэдэн сарын өмнө манайх мууртай болсон нь хүүхдүүдэд маш их эерэг өөрчлөлт гарсан. Тэгээд илүү их урамшаад саяхан нэмээд нохойтой болсон.

Би өөрөө шинэ зүйл турших, шинэ зүйл сурч мэдэх дуртай. Хамгийн сүүлд Mind fullness гэдэг бясалгалын сургалтад сууж байна. Энэ нь төвлөрлийн техникийг эзэмшүүлдэг бөгөөд хүн яг одоогоороо амьдрах үзэл хандлагыг таниулдаг.
2par6a_6_x974-2

Олон нийтийн ажлуудад бас их идэвхтэй оролцохыг хичээдэг. Бодлогод залуусын хяналт ТББ, Хил Хязгааргүй Хуульчид ТББ, Хуульч Эмэгтэй клуб, Лантуун дохио ТББ-ын үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж оролцдог байгаа.
Сүүлийн үед мэргэжлээ ахиулаад “Хүүхдийн өмчлөх эрх” сэдвээр магистраа хамгаалахаар суралцаж байна.

Ярилцсанд баярлалаа.
Ажилд нь амжилт хүсье!