Хүсэл сонирхолдоо хөтлөгдөн, хийж бүтээх хүслээр жигүүрлэн яваа, Мастерын нэгэн өвөрмөц тод өнгө болсон залуу маркетер Э.Оюунжаргалтай ярилцлаа.

Өөрийгөө танилцуулаач

Намайг Эрдэнэбатын Оюунжаргал гэдэг, би Мастер группийн Маркетинг борлуулалтын албанд Маркетингийн менежерээр ажиллаад жил орчим болж байна.

Ямар сургууль төгссөн бэ?

Би бүр багаасаа л урлаг, уран зураг, хувцас загвар гээд крэйтив чиглэлээр явах сонирхолтой байсан. Энэ сонирхолд бүхий л талаараа тохирох мэргэжил маркетинг гэж бодоод Тайвань улсын Kaohsiung хотод “I Shou University”-г Олон улсын маркетингийн чиглэлээр суралцсан. Дараа нь Шанхай хотод “Shanghai Lixin University of Accounting and Finance”-д Бизнесийн удирдлага чиглэлээр суралцаад 2018 онд төгссөн.

Шанхай болон Тайваньд суралцахын ялгаа ямар байсан бэ?

Тайван хотын амьдралын хэв маяг, соёл нь Японтой нилээн төстэй санагддаг. Ерөнхийдөө их тайван амгалан хот, хүмүүс нь их найрсаг, соёлтой. Шанхай бол олон улсын хөрөнгө оруулалтаар асар хурдацтай хөгжсөн, Азийн загварын гол хотуудын нэг, Хятад уламжлал гэхээсээ илүү Европ соёл нэвтэрсэн, орчин үеийн интернэшнл хэв шинжтэй учир “Cosmopolitan city” гэж нэрлэж болно. Тэнд миний хүсэл мөрөөдөл тэр чигтээ биелэж болох юм шиг тийм завгүй, амжилттай амьдарч, суралцах боломжтой хот шиг санагдсан.

IMG_0073

Нууц биш бол гадаадад сурахад хэр их зардал шаарддаг вэ?

Хүмүүс гадаадад сурна гэхээрээ заавал боломжийн амьдралтай айлын хүүхдүүд сурдаг гэсэн хэвшмэл ойлголттой байдаг.

Гэтэл томоохон их, дээд сургуулиуд олон төрлийн тэтгэлэг зарладаг, дээр нь 3,4-р курсээсээ ажил хийх боломж байдаг. Дараа нь бодоод үзэхэд Монголд суралцсанаас ялгаагүй тооцоо гардаг юм байна лээ. Би Шанхайд сурч байхдаа Итали ресторанд Бартендр, арт галлерайд Эвэнт менежер гэх мэт ажлууд хийдэг байсан. Энэ нь надад олон улсын хүмүүстэй харилцах, нээлттэй үзэл бодлоо илэрхийлэх, биеэ дааж өөрөө орлогоо зохицуулах, зөв зарцуулж сурах гээд олон зүйлийг сургасан. Би оюутан байхдаа заавал ажиллаж үзээрэй гэж зөвлөмөөр байна, ялангуяа бизнесийн асар их боломж байдаг тийм хотод амьдарч, суралцаж байгаа бол.

Ажлын анхны гарааг хэрхэн эхэлсэн бэ?

Би өөрөө фэйшн, гоо сайхан, урлаг, дуу хөгжим зэрэг чиглэлийн сонирхолтой гэж хэлж байсан даа. Тийм учраас Монголдоо ирээд шууд л тэр салбарт ажиллахыг хүссэн. Тэгээд Бишрэлт ХХК-аас ажлын гараараа эхэлж байсан. Тэнд ажиллаж байхдаа Sisley, Revlon, Boirjous, Montblanc, Lacoste мөн олон үнэртэний брэндүүдийн маркетераар ажиллаж, олон ч крэйтив компанит ажлуудыг багийхантайгаа хийж, олон зүйлийг суралцсан. Дараа нь SPOT Marketing Agency-д ажилд орсон. Маркетингийн мэргэжлийн эйжинси компани учир харилцагч компаниудын өөр өөр чиглэлийн олон салбарыг судлах, зах зээлийн онцлогийг нь ойлгох шаардлагатай тулгарсан нь нэг талаар сорилт болж байсан ч маш сонирхолтой цаг хугацаа байсан. Үүний дараа нь Амара виртуал модел дээр хамтран ажиллах санал авсан.

133845201_1291759254515148_7814836492768179319_n-1

Амара виртуал моделийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач

Амара бол Монголын анхны дижитал модел. Сүүлийн үед дижитал чиглэл зах зээлд хурдтай хөгжиж дижитал хувцас, дижитал амьтан, дижитал урлаг гээд л асар хурдацтай хөгжөөд, хүмүүст тийм ч шинэ зүйл шиг санагдахаа больсон байна. Жишээ нь дижитал хувцас гэхэд л хүмүүсийн бодит хэрэглээнээс үүдэх хог хаягдалыг багасгах эко ач холбогдолтой. Жишээлбэл телевизийн хөтлөгч шиг онлайн орчинд ажилладаг хүмүүс өдөр бүр хувцасаа бодитоор солиод байх шаардлагагүй, хүссэн хувцасаа дижиталаар хэрэглэж болно гэсэн үг.

Амараг анх Бэлгүүнтэй санаачилж, хамтдаа одоо хүртэл хөгжүүлсээр байна. 100% дижитал модел биш, бодит хүний бие дээр Амарагийн нүүр царайг тохируулдаг учир ямар ч брэндийн биет хувцас өмсөх, дүр бүтээх зэрэг цар хүрээний хувьд хязгаарлагдмал биш байдаг.

DSC_7111

Мастер группэд ажиллаж буй түүхээс хуваалцаач

Мастер группэд анх ажиллаад үзэхэд маш мэргэжлийн санагдсан. Бүх ажлыг үндэслэлтэй, тоо баримттай, судалгаанд суурилан хийдэг нь надад илүү чалленж болсон. Хамгийн их таалагдсан зүйл нь компанийн соёл. Хүнд суртал гэсэн ойлголт байхгүй, шийдвэр гаргалт хурдтай, маш эвсэг, хүчтэй хамт олонтой болохоор ажил хийхэд урамтай байдаг. Хамгийн бахархалтай зүйл нь бодит нүдэн дээрх бүтээн байгуулалтууд маань байдаг. Барилга эхлэхээс дуусах хүртэл маш олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэж байгааг харж байгаа учраас детайль бүрийг нь хайрламаар санагддаг юм байна лээ. Энэ бүтээн байгуулалтууд үлдэнэ, миний хийсэн ажил ч гэсэн хамтдаа ингээд түүх болж байгаа юм шиг санагддаг. Барилга хараад бахархаад баярладаг болсон байна лээ.

DSC_7148

Чи өөрөө маркетингийн хүн болохоор Мастер группиийг хүнээр илэрхийлбэл?

Насны хувьд 40 гарсан, өөрийн туулсан замтай, маш их туршлагатай, юу хийж байгаагаа ойлгодог, том хүсэл мөрөөдөлтэй, зан чанарын хувьд даруухан хирнээ хүчирхэг, эрэгтэй хүнээр төсөөлж байна.

Тэгвэл өнгөөр илэрхийлбэл?

Саарал болон шар өнгөөр илэрхийлнэ. Саяхан манай группийн re-branding хийж шинэ өнгө төрх тодорхойлохдоо энэ 2 өнгийг сонгож логондоо тусгасан. Хөрөнгийн зах зээлийн график өсөлт, бизнесийн төв дүүргийн өндөр барилга байгууламж болон түүн дээр тусах нарны гэрэл, бизнес эрхлэгчдийн гол өмсгөл болсон бараан өнгийн suit & tie, банкны карт болон түүний гол түлхүүр болох чипний хэсэг, бүтээн байгуулалтын саарал суурь өнгөн дээр хөгжил дэвшлийн шаргал өнгийг хослуулсан болно.

Rebranding-2-04

Ажлын ширээ танилцуулаач

Би ажлын ширээн дээрээ сэтгэл сэргээх, эрч хүч өгөх өнгөлөг, эмэгтэйлэг зүйлс байлгах дуртай. Мэргэжилийн онцлогоос шаалтгаалж маш их зүйл бодох шаардлага гардаг учраас хэсэгхэн амралт аваад тайван суухдаа өнгөлөг бас дуртай зүйлүүдээ харах дуртай.

Чөлөөт цагаараа сонирходог чиглэлийн хүмүүсийнхээ намтар, түүх, видео бичлэгүүд, ярилцлагуудыг үзэх, унших дуртай. Байнгын донтож судладаг гэвэл Jean Basquiat, Kaws, Futura, Andy Warhol, Bobbby Hundreds, Virgil Abloh, Kim Jones гээд л хүмүүсийг сонирхож судалж дараачийн бүтээлч санааг нь хүлээдэг. Бас дуу хөгжимгүйгээр удаан явж чаддаггүй. Ерөнхийдөө олон нийтийн хэвшмэл үзэл хандлага, хэт баригдмал дүрэм журамд дургүй. Өөртөө хичээгээрэй биш, амьдраарай гэж хэлэх дуртай.

DSC_7251

Та ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?

Ажлын туршлага бол маш чухал зүйл. Үүнийг суралцаж биш, хийж бүтээж, алдаж онож байж олж авдаг. Би одоо ч гэсэн өөрийгөө таниад, ойлгоод, суралцаад явж байна.

Цаашид өөрийгөө Мастерын залуустайгаа хамтдаа хөгжиж байгаагаар төсөөлж чаддаг. Маш хурдацтай, үр бүтээлтэй жилүүд байна байх.

DSC_7175

Ярилцсанд баярлалаа.
Ажилд нь амжилт хүсье!